“Мөнх тэнгэр” даяд үзэл ба улс иргэнийг удирдахуйн үүтгэл нэгэн учир

“Түүний (Чингис хааныг хэлжээ, Ч.П.) өмнө нь аз хийморь, мөрөөр нь ялалт тэмүүлэн явав”[1] гэж Рашид Ад Дин бичжээ. Үйл хэргийн өмнө аз хийморь гэх хийсвэр зүйл түүний араас ялалт амжилт мэт бодит явдал дагалдах эртэн цагийн тэр нэг санаа юуг өгүүлнэ вэ? Монголчуудын сэтгэлгээний онцлогийг уу, ерөнхий зүй тогтлыг уу. Аль эсхүл, “Мөнх тэнгэр” үзлийг үү гэх олон сэжиг хар аянд төрүүлнэ. Ямар нэг ажил үйлийг амжуулан бүтээхэд эхлээд оюун санаандаа бүдэг боловч зам мөрийг тодруулан гаргах нь хүмүүний ёс юм. Үүнийг сайтар тунгаавал, орчин цагийн удирдахуйн ухааны үүтгэл, үр хөврөл ч гэмээр санагдана. Жишээлбэл, менежментийн ухаанд зорилгыг эрхэмлэн үзэх бөгөөд заримдаа түүнийг зорилгоор удирдахуй ч гэж нэрлэх нь буй. Зорилго гэдэг нь хийгээгүй байгаа ажил, очоогүй байгаа газар, хүрээгүй байгаа үр дүн болохлоор субъектэд буй хийсвэр зүйл билээ. Тэгтэл, үзэл санаа, онол суртахуун гэж бас буй. Тэдгээр нь зорилготой харьцуулахад хавьгүй өргөн дэлгэр нь хэн бүхэнд мэдэгдэх ба тэндээс элдэв зорилго тэргүүтэн урган гарна.  Тийм болохлоор, Чингис хааны удирдахуй, дагуулихуйн арга ухааныг мэдьюү гэвэл, эхлээд түүний амьдралын утга учир үнэт зүйл, эрхэмлэн дагах үзэл санаа, зан суртахуун тэр бүхнээс үүдэн гарах зорилго чиглэлийг анхааран үзэх нь чухал байж мэдэхээр байна. Зохиогч үүний өмнө Эзэн Богд Чингис хааны удирдахуй, дагуулихуйн тухай зарим нэг мөхөс санаа гаргаж байсан[2] бөгөөд “Мөнх тэнгэр” даяд үзлийг Их хааны удирдахуйн үүтгэл болох талаас цөөн зүйл нэмэн хэлэхийг хичээв.

Эхэн үедээ дээд тэнгэрийг шүтдэггүй ард түмэн гэж энэ дэлхийд байхгүй байсан биз. Хүмүүн төлөлхийтөн бий болсон үеэс тэнгэр хэмээгдэх аугаа их сүр хүчнээс шалтгаацалтайг ухааран мэдэрч, бүгд адил төстэй ойлголт, ойролцоо хандлага бүхий байсан бололтой. Эртний египет, грек, хятад, хорезм цөм  тэнгэрээс хамааралтай байв. Тэгтэл, соёл иргэншил янз бүр цэцэглэн хөгжиж, суурин иргэд тэнгэрээс хамаарах явдал харьцангуй саармагшин, харин нүүдэл жигүүрийнхэн урьдын адил тэндээс хамааралтай хэвээр үлдсэн байв. Түүнээс болж суурин иргэншил тэнгэрийг биширч шүтэх нь бага боловч буурч, газар ба түүний дээрх бодтой бүхэнд хандах хандлага нэмэгдэн, бодтойгоор үзэх (рационалист маягийн) ба нүүдэлчдийн хувьд хийсвэрлэх оюун сэтгэхүйн ерөнхий хандлага тус тус давамгайлж, түүний ул мөр өнөө хэр үргэлжилсээр байж ч болох юм. Монгол хүн сав л хийвэл бичиж тэмдэглээд байх нь ховор байдаг. Тэр нь тэдний салан хуумгайн шинж биш бөгөөд харин дотоод сэтгэлдээ төвлөрч хувь хувьдаа  бясалган тунгааж буй хийсвэр сэтгэхүйтэй нь холбоотой. Өнөөдөр ч гэсэн өвгөн дархан, уран мужаан хэн боловч ажаад байхад эскиз зураг, элдэв төсөл тэргүүтнийг зохион бичихийг урьдал болгохгүй, бодсоор яваад нэг мэдэхэд бүтээж орхидог сонин зантай билээ. Бүр эрт Хүннүгийн үеэс удирдагчаа “Тэнгэрийн хүү” гэцгээж байсан хэмээн түүхчин нар бишгүй их бичсэн байх бүлгээ. Чухамдаа, тэнгэрийн үзэл хэдийд, хаана үүссэнийг мөшгөх нь өөр асуудал боловч уг үзлийн мөн чанарыг нягтлан, тэр дундаа удирдахуйн талаас сонирхон үзүүштэй санагдана. Өөрсдөө хэдийгээр сонгодог мал аж ахуй бүхий нүүдэлчид боловч монголчууд өмнөд, хойд, баруун талаараа хэзээний суурин соёл иргэншлийн хүрээлэлд явж иржээ. Эл байдал ч үнэхээр амьдралын өвөрмөц онцлог бүхий хэв маягийг өвлөхөд түлхэц болсон ба Г.Чулуунбаатар, Д.Ганхуяг нарын хэлснээр “нэг улс-хоёр иргэншил”[3] гэх байдалд хүргэсэн байна.

Тэнгэрианство (оросууд), Tenggerism (өрнийнхөн), тэнгэрчлэл (монголчууд) гэх зэрэг нэрлэцгээх аж. Элдэв янз  нэрлэн, өөр өөрөөр тайлбарласан ч тэнгэр шүтлэг нь монголчуудын хувьд тэдний язгуур амьдралаас урган гарч, цааш өргөжин өөрсдийг удирдах үүтгэл болтол өрнөн дэлгэрчээ. Тэнгэрчлэх нь үзэл суртал байсан гэх судлаач ч тааралдана. Монголын ихэс дээдсийн дунд бөөгийн шашин бус Тэнгэр шүтлэг дэлгэрсэн тухай Өвөр монгол судлаач Г.Мөнх бичсэн байна[4]. Зарим судлаач “харин төв азийн нүүдэлчдийн дунд бөөгийн шашин хийгээд Тэнгэр шүтлэг ойролцоо дэлгэрсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ нүүдэлчдийн дунд улс төрийн төвлөрөл хүчтэй явагдах тухай бүрийд Тэнгэрийн шүтлэг хүчирхэгжин товойн гарч ирж байсан ахул төр улс задарч, нүүдэлчин тархай бутархай аж төрөх бүрийд бөөгийн шашин сэргэж байснаас үзэхэд Тэнгэр шүтлэг нь бөөгийн шашинтай нягт холбоотой болохыг илтгэж байгаа юм”[5] гэснийг ч бас бодууштай. Ажин байхуйд, тэнгэр шүтлэг нь жилийн дөрвөн улирлын ихэнхэд нартай, тэнгэр бүтнээр харагддаг газар нутгийг илүү их хамарсан шиг байна. Буриад, Тува, Татар, Киргиз, Казак, Саха, Хакас зэрэг Алтай хэлний язгуур үндэстний дунд коммунизмын дараагаас Тэнгэризм сэргэж эхэлжээ. Тэнгэризм нь уламжлалт соёлын хэлбэрээр Хятад, Туркэд ч мөн оршин байсан ба монголчуудын хувьд өөрийн гэх “Мөнх тэнгэр” даяд үзлийг боловсруулан барьж ирсэн ажээ.

Монголын эрдэмтэд Ш.Бира, Б.Жадамба, О.Лхагва, Г.Гэрэлбаатар нарын бүтээлээс харахад тэд үнэхээр тэнгэрийн үзлийг тал бүрээс судлан шинжилж сонирхолтой сайхан дүгнэлтүүд хийжээ[6]. Тухайлбал, “Мөнх тэнгэр”-ийг Ш.Бира гуай  улс төрийн сургаал болохын нь хувьд, О.Лхагва гуай эрдэм ухаан болохын нь хувьд, Б.Жадамба гуай байгаль-нийгмийн нэгдмэл огторгуй болохынх нь тухайд, Г.Гэрэлбаатар гуай шашин мөргөлийнх нь тухайд задлан шинжилж, судлан дүгнэжээ. Ш.Бира гуай “Мөнх тэнгэр” үзлийн хөгжлийн үе шатыг нарийвчлан тогтоож, тэдгээрийн дотоод, гадаад холбоо хамаарлыг илрүүлсэн байна. Тэрээр “Мөнх тэнгэр”-ийн үзэл хөгжлийн тодорхой үеэс эхлэн тэнгэрчлэх хандлагатай болж, улмаар яван явсаар өнөөгийн дэлхийчлэх (глобализация, globalization) үзэлтэй ирж холбогдож буйн учир шалтгааныг тодорхой гаргав. Мөн орчлон бол бүхий л мэдээллийг нь багтаасан супер холограф гэсэн Д.Бомын онолд тулгуурлан, нүүдэлчид тэрхүү холограф сангаас хувь тавилангийн мэдээллийг мэдэрч дамжуулдаг байсан гэх үзэлтээр Чингис хааны ид шидийн нууцыг тайлах гэсэн О.Лхагва гуайн шинжлэх ухааны таамаглалыг ор тас үгүйсгэх бас  яг батлах аль аль нь амаргүй юм.

Зохиогчийн үзэхээр манай эрдэмтэдийн хэлээд буй олон зүйл нь чухамдаа нэг л юмны тал, тал мэт санагдана. Бүр тодруулан хэлбэл, “Мөнх тэнгэр”-ээс үүтгэлтэй шашин, философи, үзэл санаа, онол, суртахуун, эрчим, мэдээллийн цогц тогтолцооны тодорхой тодорхой тал, шинж чанар гэж хэлмээр юм шиг ухагдана. Өөрөөр хэлбэл, “Мөнх тэнгэр” бол үзэл санаа ч мөн, эрдэм ухаан ч мөн, шашин мөргөл ч мөн бас огторгуй буюу цаг хугацаа, орон зайн нэгдэл ч мөн юм. Тэгэхлээр “Мөнх тэнгэр” бол нийгмийн ухамсарын нэгэн илрэл түүний монгол маягийн тогтолцоо гэж үзэж болохоор ажгуу[7]. Идээ умдааг дээш нь өргөхөөс өгсүүлээд аргадан гуйсан, бүгд тэнгэрийн тааллыг харж эмээсэн сэтгэл, тэнгэрийн эвээлд багтаж, эрхээр явахыг хичээх нь “Мөнх тэнгэр” үзлийн зөвхөн сүжиг бишрэлийн тал юм. Сүжиг бишрэлээс гадна нийгмийн оюун санаанд  үнэт зүйл, үзэл санаа, ёс суртахуун мэт олон хэсэг буй. Тийм ч учраас зохиогч “Мөнх тэнгэр” үзлийг тэр бүхнийг эвлүүлсэн оюун санааны нэгдэл гэж үзсээр буй болно. Пэн Да-я, Сюй Тин гэх түшмэдийн бичиж үлдээсэн “Хар татаруудын тухай товч тэмдэглэл” зохиолд, юу ч хийсэн тэд нар бүхнийг тэнгэрт даатгана. Эзэн хаанаасаа эхлээд жирийн албатаа хүртэл бүгдээр чингэж үйлдэнэ гэж бичжээ. Энэ нь тэр үеийн монголын нийгэмд нэгдмэл үзэл санаа хэдийнэ бүрдсэний илэрхийлэл юм.

Цөм л тэнгэрээс амьдрал ахуй нь шалтгаацалтай байсан болохлоор хэн нь тэнгэр үзлийг үүсгэсэн, хэн нь зээлдэн авсан нь тийм ч их ач холбогдолтой биш бөгөөд магадгүй, газар бүр өөр өөрийнхөөр тэнгэрийг шүтэн бишэрч, тэр нь нийлж нэгдсээр ирсэн биз. Монгол нутагт ч ялгаагүй бусдын адил өөрийн гэх тэнгэрийн үзлийг нүүдлийн амьдрал ахуйд удирдан залах үүтгэл болгон явсаар “Мөнх тэнгэр”-ийн гэх оюун санааны нэгдмэл орон зай үүсэх болтол хөгжүүлж дэлхий дахиныг түвшитгэн тохинуулах онол суртахуун болгож чадсан байх талтай.

Тэр нь чухамдаа Монгол нүүдэлчдээс тэнгэр үзэлд оруулсан хувь нэмэр гэлтэй. Үүний тод баримт нь Монголын хаан төрийн хүчийг илтгэсэн зарлиг, тамга, гэрэгэ, зоос, захидал тэргүүтэнд “Мөнх тэнгэр”-ийн хүчин, хааны суу залийг дурдан бичих нь зуршмал ажээ. Чан чунь бомбод бичсэн захидалдаа Чингис хаан “таван өнгө, дөрвөн харийг нэг жолоонд оруулав”[8] гэжээ.  Үүний таван өнгө нь цагаан Солонгос, хар Төвд, улаан Хятад, шар Сартуул, хөх Монгол ба дөрвөн харь нь тэдгээрийн хөх Монголоос[9] бусад улс болохыг бүгд мэднэ. Зүй нь, Монголоос шалтгаалахгүйгээр амьдрал дээр угаас дөрвөн өнгө байсаар ба харин түүн дээр зориуд тав дахийг нэмжээ. Энэхүү “таван өнгө, дөрвөн харь” нь тухайн үеийн улс төрийн бодлогын цөм онол, стратегийн зорилго байх ч юуны магад аж. Анзаарвал, тэнгэрийн үзэл, улмаар “Мөнх тэнгэр” яван явсаар Их монгол улсын үед буюу дөрвөн харийг авч, өөр нэг хөх өнгийг нэмснээр нэгэн их оргилд хүрч, улам бүр даяд шинжийг олсон бололтой. Тийм болохлоор, “таван өнгө, дөрвөн харь”-ын онол бол “Мөнх тэнгэр” үзлийн доторх бас нэгэн хураангуй томъёолол ч гэж хэлж болохоор байна.

“Таван өнгө, дөрвөн харь”-ын онол тэлж, амьдралд хэрэгжихийн хэрээр уйгур, төвд, хятад, орос олон үндэстний элдэв шашин, үзэл “Мөнх тэнгэр” -т нэвчин орж баяжин, тэдгээрийн соёл, ёс заншлыг хүлээн зөвшөөрч, тэр нь чухамхүү эе эвийг барих тулгуур үнэт зүйлд аятай  сайнаар нийцэн зохицож, улмаар олон үндэстэн ястан, их газар нутгийг нэгдмэл санаагаар засан тохинуулах, энэ цагийн кибернетикийн ухаанаар бол үнэт зүйл, үзэл санааг эх булаг болгон, түүндээ суурилан удирдаж буйн баримт юм. Нүүдэлчдийн нийгмийн тухайн үеийн гол үнэт зүйл нь “эе эв” хэмээх ухагдахуун байсан гэж хэлж болохоор бөгөөд түүнээс улбаалан ёс суртахуун, ёс заншил, онол баримтлал тэргүүтэн хөврөн гарч “Мөнх тэнгэр” үзэлд шингэн, цөм нэгдэн нийлж нийгмийг удирдан залах хүч нөөц болж байв. Хүмүүний гадаад ба дотоод тал тэнцвэртэй орших бөгөөд гадаад тал руу илүү хандваас дотоод талын үнэт чанарыг алддаг гэм байж мэдэх юм.  Үнэнч шударгаар хэн нэгнийг хүн ёсоор хүндэтгэн байж нөхөрлөл үүснэ. Нөхөрлөж гэмээнэ “эе эв” -тэй болдог бодит үнэн буй. Үүнийг ерөнхийлөн  үзвэл ёс суртахуунд үндэслэсэн нийгмийн үнэт зүйл “Мөнх тэнгэр” үзлийн суурь болно. Олон шашныг хүлээн зөвшөөрөх нь чухамдаа шашныг бус хүмүүнийг, түүний итгэл бишрэл, сэтгэл зүрхийг, өөрийн дураар амьдран суухыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.

Чингис хаанаас хойш Өгэдэй (1227-1241), Гүюг (1246-1248), Мөнх (1251-1259) хаады үед Монголын төр эх нутагтаа байж Эзэнт гүрнийг захирч байв. Түүнээс хойш Эзэнт гүрэн хэд хэд хуваагдан орших болжээ. Хэдий тийм хуваагдал байсан боловч олон зүйл дээр нэгдмэл чанараа хадгалсаар байсан ба үүний нэг жишээ нь Чингис хааны суу залийн уламжлал, “Мөнх тэнгэр” даяд үзэл нь тэднийг алдууран одохоос аргамжин тогтоож, хүчтэй нэгдмэл үзлээр хураан захирч байлаа. Тийнхүү Эзэнт гүрэн ямар нэг хэмжээгээр задарсан боловч түүний хойно “Мөнх тэнгэр” даяд үзэл оюун санааны нэгдмэл орон зайг хадгалж, тэднийг тодорхой хэмжээгээр нэгтгэн нэгэн хуйв дор барьсаар байв. Үүнийг тэнгэрчлэн бусдыг захирахаас илүү “Мөнх тэнгэр” даяд үзлийг үүсгэн бүтээсний хүч гэвэл зүйд нийцэнэ. Яагаад гэвэл, энэ нь зүгээр нэг, тэнгэр дор барьж байх гэсэн хүсэл тэмүүлэл төдий бус харин нэг тэнгэр дор амьдрах  зорилгын нэгдэлд хүргэсэн аж. Хүмүүст үзэл санааны нэгдмэл орон зай бүрдүүлж чадваас тэр нь цааш зорилгын нэгдэлд хүргэдэг байна. Тэрхүү орон зай ямар хэмжээ хүрээг хамарна түүнээс чадал, далайц нь шалтгаалах бөгөөд яван явсаар юунд ч хүргэж мэдэхээр цул нягт хүч болон өргөжин хөгжих тавилантай байж мэдэх юм. Гитлерийн фашизм, пролетарийн хувьсгал, Пол Потын улаан кихмерийн үед хүмүүсийн оюун санааг нэг чигт хэрхэн хандуулж байсан баримт бий. Магадгүй, Египтийн пирамид, Хятадын их цагаан хэрэм мэт байгуулалтын үед ч хүмүүсийн оюун санааг ганц чиглэлд хандуулснаар санаанд оромгүй их хүчийг дайчилж чадсаныг үгүйсгэх аргагүй.

Орчин цагийн хувьсал өөрчлөлтийн нэг үр дүн бол “нийгмийн сүлжээ”[10] бүрэлдэн бий болсон явдал юм. Үүнд Интернетийн гүйцэтгэсэн үүрэг тун их. Виртуаль, онлайн бүтцэд суурилсан нийгмийн сүлжээ үүсэхэд түүний үй түмэн хэрэглэгчид дэлхий дахиныг бүрхсэн аалжны тор мэт нүдэнд үл үзэгдэх сүлжээг шоргоолж нүхээ малтах лүгээ адил бүтээцгээжээ. Нүх малтахад нэг шоргоолжны үүрэг ямар болохыг хэлэхэд хэцүү боловч нэг мэдэхэд томоос том үүр бэлтгэн түүндээ амьдарцгаадаг нь үнэн юм. Тэрэн лүгээ адил “Мөнх тэнгэр”-ийг бүтээхэд хувь хүн бүрийн оролцоо ямар байсныг мэдэхэд төвөгтэй боловч үндэсний уламжлал ба удирдагчийн үүрэг илүү их нөлөөтэй байсан болов уу гэж бодогдоно. Тухайн цагт өртөөгөөр дамжуулан дэлхийн мэдээллийн санг атгаж байсан монголчууд Интернетийг зөгнөсөн гэвэл хэтийдлэг болох авч нийгмийн сүлжээ, ялангуяа, Интернет дэх нийгмийн сүлжээнүүд тэр цагийн монгол орон ба тэнгэр үзлийн талаар санаа өгч буйг анзаарахгүй өнгөрч боломгүй байна. “Гэтэл Чингис хаан бол дэлхийг нэг л (улс) түүний оршин суугчдыг нэгэн санаатан болгосон”[11] гэж эрт цагт бичиж үлдээсэн  нь сонин юм. Магадгүй, олон нийтийн харилцаанд Интернет ямар үүрэг гүйцэтгэсэн шиг “Мөнх тэнгэр” тухайн нийгэмдээ мөн тийм нөлөө үзүүлсэн байж болно. Учир нь өнөөгийн нийгмийн сүлжээнүүд олон шалтгаанаар сая сая хэрэглэгчийг өөртөө татан нэгтгэж байгаа боловч түүний гол чиглэл нь үзэл бодол нэгтнийг олж холбох явдал билээ.

Энэ удаад удирдахуйн нэгэн үүтгэлийг сэдэхийн учир, мунхаг сэтгэлийг дарж эс ядан  эндүү холд хадуурсу. Зун, намрын таатай улиралд малчны хотноос бэлчээрт хүрэхээр үхэр сүрэг цувран явах буюу эс бөгөөс сааль сүүг дуусгаад эзэн малчин тэднийг гилэн явах аль аль нь амьдралд байдаг л нэг ерийн үзэгдэл мэт авч удирдахуйн ухааны хувьд эдгээр нь зарчмын ихээхэн ялгаатай болно. Юу гэвэл, тэр хоёр явдлын эхнийх нь үхэр өөрийн эрхээр бэлчээр хөөн аяндаа явж буй хэрнээ бас ч утга учиргүй зүйл биш бөгөөд соргог сайн бэлчээрт хүрч тарга хүчийг авна гэх. Харин эзэн малчин гилэн яваа нь тэрбээр урьдаас тодорхой зорилгыг өмнө тавьж, магадгүй бэлчээрийг хуваартай ашиглах ч юм уу, чоно нохойд өртөхөөс болгоомжилсон ч юм уу, аль эсхүл Доржийнд гэх мэт хэн нэгнийхээр буух зам зуур үхрээ туусан ч юм уу гэхчилэн олон янз учир шалтгаан үхэр туугчид байх ба энэ нь тодорхой зорилгыг агуулсан зориудын үйл байх болно. Товчдоо, эхний явдлыг зөнгөөр хар аянд болсон, дараачийнхыг урьдаас бодож боловсруулсан зориудын хэрэг явдал хэмээн хүний зорилго, үйлдэлтэй холбон нэрлэх нь заншил аж. Бэлчээрт гарна гэдэг үхрийн хувьд зөнгөөр явагдах боловч, нэг ёсондоо амьдралын төлөөх тэмцэл, дасан зохицохуй билээ. Малчин үхрээ туух нь түүний  хувьд мөн л амьдралын төлөөх тэмцэл. Үхэр, хүн аль альных нь амьдралын төлөө, оршихын төлөө үйлдэн буй удирдахуйд хамаарах үйл хэрэг болно. Энд үхэр ч, малчин ч өөрөө өөрсдийг удирдан буй боловч нарийвчилбал, үхрийг малчин удирдан буй нь мэдэгдэнэ. Харин үхрийн явдал мэт эхний тохиолдлыг  удирдахуйн практикт хамруулдаггүй байна. Чингис хааны удирдахуйн үйлийг судалсан байдлыг ажихад энэ мэт шалтгаанаас болж, заримдаа уйтан явцуу мэт байх бүлгээ. Зүй нь, Чингис хааны удирдахуйг төсөөлөхөд оршихуйн үүднээс өргөн цар хүрээгээр харваас түүний  бодол сэтгэхүй, амьдрал үйлийн үнэн мөнийг оноход тус дэм болж юун магад хэмээн бодогдном. Тийм ч учраас Их хааны удирдахуйд “Мөнх тэнгэр” даяд үзлийг хамруулан тэдгээрийн холбоо хамаарлыг сонирхон буй билээ. Үүний нарийн учрыг хайна гэвээс П.К.Анохин, Н.А.Бернштейн, Л.Берталанффи, А.Т.Москаленко, В.Ф.Сержантов  зэрэг эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд хандах хэрэгтэй.

Чингис хааны “Мөнх тэнгэр” даяд үзэл буюу ард түмний оюун санааны нэгдмэл байдлын тухай зохиогч өмнө нь өгүүлж байсныг дээр хэлсэн. Өргөн утгаар нь удирдахуйг хүн хийгээд адгуус амьтанд төдийгүй хад чулуу, уул ус, ургамал ногоо гэхчилэн амьгүй ертөнцөд хамруулж ч болох юм. Чулууг бут цохин эвдэж болно. Түүнийг үрж зорох, огтолж сийлэх мэт үй түмэн хэлбэр дүрсээр өөрчлөн хувиргаж  ч болно. Аль нэгэн чулуу  өмнө нь ямар нэг дүрс хэлбэрийг олсон байх нь мэдээж. Тэр  дүрс хэлбэрийг олж бас хадгалахын тулд өөрчлөхөд зарцуулснаас дутуугүй хүч энергийг хуримтлуулж, тэрний хүчинд оршин байв. Тийм нэг хэлбэр дүрсээр оршин байхын утга учир юу билээ.  Хэн (аль эсхүл өөрөө) түүнд эл “зорилго”-ыг суулгав? гэсэн бүдүүлэг асуулт ч тавьж болно.  Чулуу тухайн хэлбэрийг яагаад олов? хэмээн хэн нэгнээс асуувал тэрбээр чулууны тухай бүх л онол тэргүүтэнг ярих болно. Түүнийг нь чулуу оршин байхын утга учир гэхээс өөр аргагүй. Тухайн хэлбэр дүрийг олсон утга учраас үзэл санаа улмаар зорилго урган гарна хэмээн хэлж болмоор. Ийм маягаар эргэцүүлбээс “Мөнх тэнгэр” үзэл ба түүний удирдахуйн үүтгэл болох тухай асуудал санаанд илүү дөхөмтэй байж болох юм.

Чингис хааныг “Мөнх тэнгэр” сонгов уу, Чингис хаан “Мөнх тэнгэр”-ийг бүтээн хөгжүүлэв үү? гэдэг бол асуулт бөгөөд “Мөнх тэнгэр” байдгаараа л байж байсан. Харин Чингис хаан түүнийг ертөнц дахины нэгдлийн тухай үзэл онол болгон хөгжүүлж, өөрийнхөө удирдах үйлийн үүтгэл болгон хэрэглэсэн гэвэл зохилтой.  “Чингис хаан улс буй болсон эхний үеэс тодорхой түүх бүтээж болохоор нэлээд томоохон ямар ямар үйл явдлууд, хэрэг түйвээн гарав. Учир нь тэр богино хугацаанд дэлхийн олон улсыг эзэлсэн энэ нь (өөрийнх нь) алсыг харах чадлын нь ач уу, нягтлан боловсруулсан бодлогынх нь уу, (өөрийнх нь) төгс урьдчилан харсаных уу, (өөрийнх нь) бодлогынх нь өргөн далайцтайнх байв уу?”[12] гэсэн нь Чингис хааны менежментийн агуулгыг эрт боловч ухаарч, улмаар алсын хараатай, бодлоготой байсныг нь илтгэнэ. Мэдээж, үүнд “Мөнх тэнгэр” даяд үзэл үүрэгтэй байсан нь тодорхой. Бас Ч.Жүгдэр гуай “Тэмүжин нөхдийг ашиглан зорилгодоо хүрсэн”[13] хэмээн санамсаргүй ч хэлсэнгүй. Зорилгоо хэрэгжүүлэхэд бусдыг ашиглах чадвар нь менежерийн гол чухаг чанарт тооцогдогийг орчин цагийн менежментийн мэргэжлийн сурах бичигт цөөнгүй дурдсан байдаг.

Зөвхөн дан ганц Чингис хааны гавъяа зүтгэл бус монгол хүний өвөрмөц чанар,  үе үеийн сайн уламжлал, газар нутгийн байдал, гол нь хүмүүсийн эвсэг нэгдмэл байдал түүний их амжилтад нөлөөлсөн нь дамжиггүй.  Жишээлбэл,  монгол хүний эзнээсээ уравдаггүй байсан тэр нэг чанарын тухай баримт түүхэн сурвалжид элбэг тохиолдоно. Энэ нь зөвхөн үнэнч шударга гэсэн ёс суртахууны асуудал төдий бус өнөө цагийнхаар удирдахуйн амжилтын томоохон хүчин зүйл юм. Удирдагчаа хүлээн зөвшөөрөх, түүнээ дагах, нэг зорилгод нэгдэх чадварыг илэрхийлнэ. Нарийн яривал, хошуучлал (Leadershif) нь эрх мэдлийг хэрэгжүүлэхээс ч, менежментээс ч, ялгаатай бөгөөд гол нь итгэл үнэмшилд тулгуурладаг хүмүүний сэтгэл зүй, дотоод ертөнцтэй илүү холбоотой эд юм. Тийм учраас тухайн хүний дотор сэтгэл,  түүнийг илэрхийлэх үзэл санаа, онол суртахуун, үнэт зүйлс тэргүүтэн нь үүнд хамаатай бөгөөд Чингис хаан бусдыг дагуулихын нэгэн увидас “Мөнх тэнгэр” даяд үзэл нь өнөөгийнхөөр бол, хошуучлалд холбогдохоос үзэхэд хүмүүний итгэл үнэмшил амьдралын утга учрыг илэрхийлж буй нь тэр юм.

Байдлыг ажиглавал, тэнгэрт ивээгдэх ба эс ивээгдэх хоёр тал бүхий ойлголт байна. Хэн нэгэн, тэр дундаа, хаан хүн юуг хийж үйлдвээс тэнгэрт ивээгдэх, эс тэгвээс үл хүртэх нь зөвхөн ёс суртахууны төдий асуудал бус юм. Хэрэв зээ, тэнгэрт ивээгдвээс суу залийг олох, эсхүл суу заль бүхий болбоос тэнгэрт ивээгддэг шүтэлцээт зүйлүүд бололтой. Энэ талаар Ш. Бира гуай зарим санаа гаргасан буй. Тэгэхдээ, хаан хүнийг тэнгэрээс гаралтай гэх нь зүгээр ч нэг суртал нэвтрүүлэг төдий бус цаанаа өөр нарийн утга учир байсан байж мэдэх юм. Тэнгэр, хаан хоёрыг холбосон өгүүлэмжүүд дор дурдсан хэд хэдэн санааг  агуулсан мэт санагдана.

Тухайлбал:

  1. “Дээр гагц Мөнх тэнгэр, дор газарт гагц Чингис хаан” гэх эл өгүүдэмж нь орон зайн баримжааг заахаас гадна, юун түрүүнд, дээр байгаа, дээд юм, тусгай юм, орь ганц юм гэсэн санааг илэрхийлэхийн ялдамд юмсын эрэмбэ дэс дарааг илэрхийлж буй мэт,
  2. “бэрх бөгөөс хялбар, хол бөгөөс ойр болгодог”, “наран ургахуй газраас наран шингэхүй хүртлэх” гэх нь  зах хязгааргүй мэт уужим орон зайг заахын хамт хүрэх боломж нөхцөлийг давхар өгүүлэх мэт,
  3. “Юун болохыг гагц тэнгэр мэднэ” гэх нь тэнгэр зөвхөн өөрийн эрхээр тул түүнээс бүх юм шалтгаалах учиртай ба түүнээс гаралтай хаан ч, ялаагүй, үл хамаарах шинжтэйг хэлэх мэт,
  4. Тэнгэр нь аль газар нутаг, хаана оршихоос үл хамаарсан тэгш үйлчлэлтэй тул “Мөнх тэнгэр”-ийн үзэл түгээмэл шижтэй, тэр утгаараа нэгдмэл чанартайг илтгэн тэгш ёсыг тунхаглах мэт ажгуу.

Үүнээс тэгш хандлага, зах хязгааргүй, хэлхээ хобоо гэсэн гурван шинж улам тод ялгаран харагдана. Хаан хүн хэдийгээр өөрийн эрх, дур зоргоор авирлах боловч тэнгэрийн хүчинд шүтэх, улмаар “Мөнх тэнгэр” үзэлд баригдах нь Чингис хааны удирдахуйн нэг гол зарчим юм.   Энэ нь хааны хязгааргүй их эрх мэдэлд бас нэг зааг тавьж буй мэт.

Бурханы тааллыг олох гэсэн санаашрал шашин бүрт бий бөгөөд амжилт ялалтыг бурхан хүртээдэг гэх итгэл газар сайгүй байв. Харин Чингис хааны явдлыг ажиглахад дээрх итгэлийг тээсэн хэмжээгээр хүн өөрөө амжилт ялалтыг олдог гэх санаа байсан ба түүнээ бусдад хүргэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хичээдэг мэт сэтгэгдэл төрнө. Өөрөөр хэлбэл, тэнгэр зөвхөн монголчуудыг бусдаас илүү ивээж буй гэх итгэлийг хүмүүст төрүүлэх нь Чингис хааны хувьд нэг ёсны үүрэг байлаа. “Мөнх тэнгэр” бол үнэн чанартаа хятадын дээд тэнгэртэй, загалмай шашинтны Есустай, мусальманчуудын Аллахтай нэгэн адил залбирал, уншлага, мөргөл, ёслолыг зөв үйлдэх аваас туслалцаа, ивээл хүссэн сэтгэлийг таалан соёрхох болно”[14]. Ил хаан Аригунаас Францын хаан Филипп (Philippe) –д илгээсэн бичигт (1289) “Мөнх тэнгэрийн хүчин”, “Хааны сууд”, “Тэнгэрийг залбирч”, “тэнгэрийн хүчинд” гэх мэт ерөнхийдөө “тэнгэр л мэднэ” гэсэн санаа бүхий үгс оржээ. Тэгтэл Өлзийт хаанаас Францын IY Филипп (Philippe)-д илгээсэн бичигт (1315) “тэнгэрийн хүчинд”, “тэнгэрт сэтгэл өгөж”, “тэнгэрт ивээгдэж”, “тэнгэрийн хүчинд”, “тэнгэр мэдтүгэй” хэмээн бас бичсэн байна[15]. Энэ бичигт тэнгэрийг дурдан “өвөг сайн эцэг” хэмээсэн нь нэг талаас хаан эцгийг дурсан дуудах мэт боловч нөгөө талаас мөнөөх “Мөнх тэнгэр”-ийн үзэл уламжлагдан хөвөрч буй нь тэр ажгуу.

Чингис хаан эзэмшил газар нутгаа гурван хөвүүн, ач нарт (Жочийн хөвүүд) хуваан өгсөн бөгөөд Өгэдэй нь хаан орыг залгамжилж билээ. Өгэдэй хаан Умард хятадыг эзэлж, эцгийн захиасыг биелүүлснээс гадна Өрнөдөд Орос, Польш, Унгарт цэргийн ажиллагааг өргөжүүлсэн байна. Түүний дараа Мөнх хаан Лалын орнуудыг эзэлж, Израилын өмнөд хэсэгт хүрсэн байна.  Зөвхөн уриалах нэгтгэх зорилгын ун сурвалж төдий бус үйл ажиллагааны өргөтгөл нэг ёсондоо удирдахуй, дагуулихуйн зэрэгцээ засан тохинуулах, төвшитгөх хэрэгцээ буй болсон тул “Мөнх тэнгэр”-ийн шинэ үе, Чингис хааны дараах чанарын өөр шат эхэлсэн бөгөөд үүнийг голлон хэрэгжүүлэгч нь Хубилай сэцэн байв. Хубилай сэцэн хаан ор суусны дараагаар Сүн гүрнийг эзэлж, Төвд болон Шинжаныг оролцуулан Хятад оронг өнөөгийнх нь хэмжээгээр бүрдүүлэн босгожээ. Түүгээр ч зогсохгүй Солонгос, Вьетнам, Бирм, Ява арал,  Японыг түүнд нэгтгэхийг оролдсон байна. Бүхэлтгэн үзвээс тэр цагийн Их Монгол улс дотроо Юань,  Алтан ордны, Цагадайн, Ил хаант дөрвөн улсаас бүрдэж байсан ба Хубилай хаан зангидаж байв. Мөнх тэнгэрээс гадна Күнзийн суртал, Бомбын ёс, Буддын шашин, Загалмайн Нисториан урсгал, Лалын  суртахуун зэрэг тэр цагийн монголчуудын оюун санаанд нөлөөлж байсан шашин мөргөл, онол суртахуун цөөнгүй байв. Тэдгээрээс Хубилай хаан Буддын сургаалийг сонгон авсан гэж үздэг. “Энэ сургаал дэлхий дахиныг байлдан дагуулах явдлыг зөвтгөх “нийтлэг эзэн хаан”-ы үзэл баримтлалыг түүнд нээн өгч байлаа”[16] гэж судлаач нар бичнэ.

Энэ цагийн хүмүүс “Хөгжих гэж байгаа бол шулуул, шулуулахгүй гэж байгаа бол хөгж.”[17] гэх болжээ.  Хөгжил нь цаг үеэ дагасан зохимжтой зүйл мөн боловч түүний дор юуг ойлгоно вэ? гэдэгт уг асуултын гол санаа агуулагдах бололтой. “Монголын эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байв. “Монгол улс Азийн шинэ бар, Улаанбаатар хойд бүсийн хамгийн хөгжингүй хот” хэмээн Экономист сэтгүүлд бичүүлэн”[18]  байсан. Гэтэл гоё машин, сайхан байшин, нүсэр хот, их мөнгө үлдээж, нүүдэлчин амьдралын мөн чанар алдагдан үгүй болохыг монгол хүний хувьд хөгжил хэмээн нэрлэхэд хэцүү юм. Ургамал хөрснөөсөө тасарвал юу болох билээ. Мөхдөг гунигт тавилан буй. “Хубилай хааны төрөл төрөгсөд хувийн бардам давилуун сэтгэл болоод орон нутгийн эрэлт хэрэгцээнд хөтлөгдөн Исламын шашинд орж, бие биенийгээ атаархлын нүдээр харах болж, бие биенийхээ эсрэг харийн улс, гүрэнтэй холбоо тогтоож, өөр хоорондоо байлдан тулалдаж, өөрийн харъяат иргэдээ дийлдэшгүй татвараар туйлдуулж, тэдний жигшил зэвүүцлийн бай болж байсаар эрх мэлдээ бүрэн алдсан байдаг”[19] гэж Жон Мэн бичжээ. Чингис хаан малчин, нүүдэлчин амьдрал ахуйг өөрийн биеэр туулж өссөн нь лавтай. Харин Өгэдэй, Мөнх, Хубилай нар үүнээс өөр, эзэн хааны гэр бүлээс, нийгмийн удирдлагын дээд хэсгээс гарсан нүүдэл, суудлын аль алины дундаж, хоёрдмол шинж бүхий байсан бололтой бөгөөд эцэст тэр нь задрал бутрал, сүйрэл мөхлийн гол шалтгаан болсныг ч үгүйсгэлтгүй. Монголын төр, улсын хөгжлийн урт хугацааны явцад нүүдлийн амьдрал, хэв янзыг холбируулья гэх оролдлого гарсаар ирсэн бөгөөд тэр бүхэн тухай тухайн цаг мөч бүрдээ няцаагдсаар иржээ.

Ромын пап нараас Монголын хаадыг Христийн шашинд орохыг удаа дараа уриалсыг тууштай няцаасан баримт Хүлэгү, Аргуна нараас илгээсэн бичиг захидалд дурдсан  нь нэг бус ажээ. Аргун Ил ханаас пап IV Николаст илгээсэн хариу захидалд ”Чингис хааны ургууд өөрийн монголжин дураар ажу, Силам –дур орбасу ба эс орбасу – бэр гагц Мөнх тэнгэр хэмээмүй ад (бид)”[20] гэсэн аж. Бид цөөхүүл боловч “монголжин дураар” түүхийн нугачаа сархиагт гээгдэлгүй өдий хүртэл амьдран буйн нэг гол шижим болбоос яах аргагүй нүүдэлч малчин ахуй, соёл мөн бөгөөд түүний тэнгэрийн үзэл, “чоно менежмент” үлэмж үүрэг гүйцэтгэсэн гэхэд эргэлзэхгүй байна. “Цагийн юм цагтаа” гэж монголчууд хэлэх дуртай. Өнөөгийн эрчимтэй хөгжил бүхий соёл иргэншилд өнгөрсөн цаг үеийг дурдан ухарч хургах гэсэнд биш,  харин амьдрал, туулан ирсэн онцлог байдлаа зөв онож, түүний сул талыг гээж, давуу талыг дэмжин удамшуулж, “монголжин дураар” амьдарч аж төрөх нь өнөөгийн бидэнд нэн чухал бизээ. Тэр учраас өчүүхэн бичээч миний бие энэхүү итгэлийг эмхлэн тавихыг оролдсон билээ. “Мөнх тэнгэр” даяд үзэл ба улс иргэнийг  удирдахуйн үүтгэл нэгэн учир шалтгааны  талаар нэмэн хэлье гэсэн цөөн санаа минь эл ажгуу.

Чагнаагийн Пүрэвдорж

“Eternal heaven” (Mongke Tenggeri) perspective and the reason of leading citizens

Chagnaagiin Purevdorj

The writer has presented the article on the basis of the studies included in the book (Wolf management) “Leading and guiding of Chinggis Khan”. The article informs about the ways of leading and guiding of Chinggis Khan focusing on ideologies and theories he pursued and aims and directions caused from them. Moreover, the article proposed some ideas about the subject.


[1] Рашид Ад Дин “Судрын чуулган”, нэгдүгээр боть, нэгдүгээр дэвтэр, орос хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн Ц.Сүрэнхорлоо, Уб., 2002, 11 дэх тал.

[2] Пүрэвдорж Ч. “Чингис хааны удирдахуй дагуулихуй” (Чоно менежмент), Уб., 2013.

[3] Ганхуяг Д. “Монголын нийгмийн харилцааны онцлог” 2012.06.5, www.ganaa.mn

[4] Мөнх Г. “Чингис хааны гүн ухааны үзэл санааны судлал”, Уб., 1998

[5] Энхчимэг Ц. “Монголын нууц товчоон” ба монголчуудын тэнгэр шүтлэг” “Монголын нууц товчоон ба дундад зууны монголын түүхийн судалгаа” (Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл), Уб., 2010 гомын 95 дахь тал

[6] Бира Ш. “Монголын тэнгэрийн үзэл” (Mongolian menggerism), Уб., 2011., Жадамба Б. “Шүтэлцэн багцрахуйн үзэл ба хүмүүний хөгжил” Уб., 2007, Гэрэлбаатар Г. “Чингис хааны шашны сэтгэл зүй” http://munkhtenger.blog.gogo.mn, Лхагва О., Эрдэнтуяа Л. “Мөнх тэнгэр ба холограф тавилан”, “Лавай” МУБИС -ийн эрдэм шинжилгээний бичиг №7.

[7] Пүрэвдорж Ч. “Мөнх тэнггэр бол монголчуудын нэгдмэл байдлын үндэс буюу”  Монгол судлалын чуулган,  Эрдэм шинжилгээний сэтгүүл, МУБИС, МСС, 2012/2, №13(48), 155-165 дахь тал.

[8] “Чань Чунь бомбын өрнө зүгт зорчсон тэмдэглэл” хятад хэлнээс хөрвүүлсэн Н.Ариунгуа, Уб., 1997, 70 дахь тал.

[9] Монголчууд бидний жирийн яриан дунд “Хөх монгол” гэж гарах нь элбэг. Тэр нь үнэндээ, түүхийн учир холбогдолтой, гүн утга агуулга бүхий юм. Юань гүрний нэрийг “Хөх гүрэн” гэсэн нь ном зохиолд хааяа нэг харагддаг. Б.Сумъяабаатар “Юань” нэрийг монголоор “хөх” гэсэн утгатай болохыг баталсан гэж Э.Равдан гуай дурдсан байна (Э.Равдан “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэрийн тойм” “Монголын нууц товчоон ба дундад зууны монголын түүхийн судалгаа” (Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл), Уб., 2010 номын 281 дэх тал.)  “Дай Юань” гэдэг улсын нэр нь тэнгэр мэт их, тэнгэр мэт мөнх, тэнгэр мэт хүчтэй, тэнгэр мэт хөх гэдгийн хураангуй болно гэж А.Пунсаг гуай бичжээ (А.Пунсаг “Их Юань улс”  “Чингис хааны өв” Ерөнхий редактор С.Чулуун, Ж.Саруулбуян, Ц.Цэрэндорж, Уб., 2013, номын 84 дэх талд). Тийнхүү Юань улсын нэр ямар ч атугай тэнгэр бас хөх өнгөтэй холбоотой ажгуу. Үүнийг бидний ярилцан буй сэдэвтэй уялдуулбал, Тэнгэрийн дор хамгийн их улс болгохыг зорин тэмцсэнтэй холбогдох бололтой.  Мөн түүнчлэн “Да Юан” (“Их язгуур”) хэмээх улсын цолын үндсэн утга санаа нь Тэнгэрийн тухай Хятад, Монгол хоёрын аль алины нь уламжлалт үзэл бишрэлд ойр дөт буюу тэгж ойлгон тайлбарлаж болох өргөн бөгөөд давхар утга санааг агуулсан байжээ (Ш.Бира “Түүвэр зохиолууд”, Уб., 2007, 40 дэхь тал) гэж Ш.Бира гуайн хэлсэн ч үүнийг бас давхар нотолно.

[10] Социологич Жеймс Барнс 1954 онд анх удаа судалгаандаа “нийгмийн сүлжээ” гэдэг хэллэгийг ашиглажээ. Харин нийгмийн сүлжээний онолын үндсийг 1951 онд Рэй Соломонофф (Ray Solomonoff), Анатол Рапопорт (Anatol Rapoport) нарыг тавьсан гэж үздэг.

[11] Рашид Ад Дин “Судрын чуулган”, нэгдүгээр боть, нэгдүгээр дэввтэр, Уб., 2002, 37 дахь тал.

[12] Рашид Ад Дин “Судрын чуулган”, нэгдүгээр боть, нэгдүгээр дэвтэр, Уб., 2002, 36 дахь тал.

[13] Жүгдэр Ч. “Чингисийн төрийн үшзэл, цэргийн урлаг” Уб., 1990, 8 дахь тал.

[14] Жон Мен “Чингис хааны манлайллын нууц” Уб., 2012, 34 дэх тал.

[15] Бира Ш “Монголын тэнгэрийн үзэл” (Mongolian Tenggerism), түүвэр зохиол баримт бичгүүд, Уб., 2011

[16] Жон Мен “Чингис хааны манлайллын нууц” Уб., 2012, 217 дахь тал.

[17] Баабар “Монгол орон хөгжих ёсгүй” Өдрийн сонин №193 (4520) 2013.08.07

[18] Мөн сонинд

[19] Жон Мен “Чингис хааны манлайллын нууц” Уб., 2012, 220 дэх тал.

[20] Ш.Бира “Монголын тэнгэрийн үзэл” (Mongolian Tenggerism), түүвэр зохиол баримт бичгүүд, Уб., 2011, 42 дахь тал.